Бие бялдар сэргээн засах мэргэжлийн Олон улсын төв байгууллага болох Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Дэлхийн Нийгэмлэг (ISPRM) болон Ази Номхон Далайн Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Нийгэмлэг (AOSPRM)-ийн албан ёсны гишүүн.
Одоогийн чадавх, явуулж буй үйл ажиллагааны болон хамтран ажиллах ажлын чиглэл: Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг нь Бие бялдар сэргээн засахын тусламж, үйлчилгээг хөгжүүлж, дэлгэрүүлэх, сэргээн засах эмчилгээгээр нийгмийн амьдралын сайн сайхан байдлыг дээшлүүэхэд хувь нэмэр үзүүлэх, сэргээн заслын мэргэжлийн сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн зохион байгуулах, сэргээн засахын эмч, мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгуулагатай хамтран ажиллаж, боловсролын чанарыг сайржуулахад хувь нэмэр үзүүлэх, сэргээн засах мэргэжлийн олон улсын төв байгууллага болох Бие бялдар сэргээн засах судлалын дэлхийн нийгэмлэг болон гадаад улс орнуудын мэргэжлийн байгууллагуудтай шинжлэх ухааны болоод нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ зорилтын хүрээнд сэргээн засах мэргэжлийн салбартай холбогдолтой судалгаа шинжилгээг эрхлэх, сэргээн засахын эмч, мэргэжилтний төгсөлтийн дараах бүх төрлийн эмнэлзүйн сургалт болон дадлага сургалтыг зохион байгуулах, эмч, мэргэжилтний тасралтгүй боловсролын хөтөлбөр, удирдамж боловсруулах, үндэсний хэмжээнд төлөвлөгдөж байгаа сэргээн засахын эмнэлзүйн удирдамж, стандарт, хөтөч боловсруулахад оролцох, сэргээн засахын эмчийн мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэргийн шалгалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тус нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн сэргээн засах судлалын эмч, мэргэжилтний дунд жил бүр эрдэм шинжилгээний чуулганыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ. Мөн бие бялдар сэргээн засах шинжлэх ухааны “Монголын Бие Бялдар Сэргээн Засах Анагаах Ухаан” нэртэй мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд жил бүрийн 6, 12 саруудад ээлжит дугаарыг эрхлэн гаргадаг.