“Сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах” сэдвийн дор 2023 оны 11 дугаар сарын 17-18-ний өдрүүдэд Милленнум плазад зохион байгуулагдсан Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн  17 дахь эрдмийн чуулганд  салбарын 152 эмч оролцлоо.

Тус чуулганыг нээж УГТЭ-ийн Сэргээн засах төвийн эрхлэгч, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч С.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ: МУ-д орчин цагийн анагаах ухаан үүсэн хөгжсөн цагаас эхлэн сэргээн засах анагаах ухаан нь эмийн бус эмчилгээ, физик эмчилгээ гэсэн нэрээр хөгжиж ирсэн бөгөөд 2000 оноос хойш орчин үеийн чиг хандлагаар хөгжих  шинэчлэлийн үе шат эхэлж, эрчимтэй хөгжиж байна. Цаашид та нар, өчигдөрхөн төгссөн залуу эмч нарт сэргээн засах анагаах ухааны хөгжлийг үргэлжлүүлэн түүчээлэх үүрэг хариуцлага ноогдож байгааг онцлон захиж хэллээ.

Энэ удаагийн чуулганд дараах эрхэм хүндтэй зочдыг урилгаар оролцуулсан нь онцлог байлаа.

  • А.Балжинням, АУ-ны доктор, профессор, ББСЗСМН-ийн үүсгэн байгуулагч, Хүндэт гишүүн АШУҮИС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч,
  • З.Сарайдамба, МУ-ын Ардын эмч
  • Д.Цагаан, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор
  • О.Энхзаяа , ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын  мэргэжилтэн
  • С.Болормаа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн
  • Б.Янжиндолгор, ЭМДЕГ –ийн мэргэжилтэн
  • Д.Оюунтуяа, АУ-ны доктор, ЭМЯ-ны Азийн хөгжлийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан  мэргэжилтэн

Мөн Сэргээн засах салбарын зөвлөх зэргийн эмч, ахмад эмч нар болон сэргээн засахын чиглэлээр АУ-ны доктор зэрэг хамгаалсан эрдэмтэд болон манай нийгэмлэгтэй хамтын ажиллагаатай байдаг Монголын бие бялдар Хөдөлгөөн заслын холбоо, Монголын Хөдөлмөр заслын холбоо, Тэгш Нийгэм Холбооны тэргүүнүүд  урилгаар хүрэлцэн иржээ.

Тус чуулганы эхний өдөр урилгаар оролцсон БНХАУ, Япон улсын сэргээн засахын эрдэмтдийн илтгэлээс гадна  ЭМЯ болон ДЭМБ-аас баримталж буй бодлого, тогтоол, ЭМД-ын тогтолцооны шинэчлэл, сэргээн засах анагаах ухааны орчин үеийн чиг хандлага, орчин үеийн эмнэлгийн менежмент зэрэг сэдвээр  боловсролын илтгэлийг яам, агентлагийн төлөөлөл; эмнэлзүйн судалгааг сэргээн засах салбарын дотоодын эрдэмтэн, профессор, зөвлөх эмч хэлэлцүүлсэн бол хоёр дахь өдөр чуулганд оролцогсод эмнэлзүйн дадлага сургалтад хамрагдаж,  сэргээн засахын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг 4 сэргээн засахын төв, эмнэлэгтэй танилцаж, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлсэн үр өгөөжтэй чуулган болж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганд илтгэлээ хэлэлцүүлсэн судлаач нарын шилдгийг шалгаруулж, дараах шагналыг гардууллаа. Үүнд:

  • Тэргүүн байранд “Тархины саатай хүүхдийн булчингийн чангарлыг цохилтот долгионоор эмчилсэн үр дүн” сэдвээр ХБХСЗХТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч,  ахлах зэргийн эмч Х.Туул шалгарч, өргөмжлөл 1 сая төгрөг.
  • Дэд байранд “Тархины саатай хүүхдэд шагай тавхайн динамик ортезын үзүүлэх нөлөө” сэдвээр Хүүхдийн сэргээн засах “Хантуул” төвийн эмч, АУ-ны магистр М.Баярмаа шалгарч, өргөмжлөл 7000 төг
  • Гутгаар байранд “Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн сэтгэлзүйд сэргээн засах эмчилгээний нөлөө үр дүнг үнэлэх нь” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Г.Хонгорзул шалгарч, өргөмжлөл 5000 төг
  • Ханын илтгэлд “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн “Нийгмийн харилцааны хэв шинж”-ийг үнэлэх нь” сэдвээр ХБХСЗХТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч С.Сувдмаа шалгарч, өргөмжлөл 2000 төг тус тус шагнууллаа.

Энэ жилийн чуулганы Ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп, Монсан Медикал Сервис ХХК, Монфа трейд ХХК оролцож, Сор Глобал ХХК, Денк фарм, Итгэл эрүүл мэнд ХХК, Витафит ХХК, Натур мед сэргээн засах төв, Альфа медикал сэргээн засах төв, Сэргээн засах клиник эмнэлэг Мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож, бидэнд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

©2024. Бие бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэг