2025 оны 4-р сарын 5-ны өдөр Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгээс “Зонхилон тохиолдох өвчний сэргээн засахын оношилгоо, эмчилгээ” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь 2 кредитийн үнэлгээтэй бөгөөд нийт 86 эмч, тусгай мэргэжилтэн оролцсоноос 43 хувь буюу 37 орчим нь орон нутгийн төлөөлөл байв. Оролцогчид нь сэргээн засах, гэмтэл, дүрс оношилгоо, мэс засал, өрхийн болон уламжлалт анагаах ухааны эмч, мөн хөдөлгөөн, хөдөлмөр заслын мэргэжилтнүүд байлаа. Сургалтад УНТЭ, УХТЭ, СОС Медика, Бриллант, Интермед зэрэг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл идэвхтэй хамрагдсан юм.
Сургалтын гол зорилго нь сэргээн засахын болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Сургалтын агуулгад сэргээн засах эмчилгээний орчин үеийн чиг хандлага, тархины харвалт, зүрхний шигдээс, мөч тайралт, үе солиулалт, нурууны эмгэг болон хүүхдийн сэргээн засах эмчилгээ зэрэг сэдвүүдийг багтаасан бөгөөд онолын мэдлэгийг эмнэлзүйн практикт ашиглах ур чадвартай хослуулан олгосон.
Сургалтын үр дүнд оролцогчид зонхилон тохиолдох өвчний сэргээн засахын оношилгоо, эмчилгээний талаарх онолын мэдлэгээ бататгаж, бодит эмнэлзүйн тохиолдолд суурилсан практик ур чадвараа хөгжүүлсэн. Үүнээс гадна олон улсын чиг хандлага болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшсэн нь сургалтын бодит үр өгөөжийг харуулж байна. Орон нутгийн мэргэжилтнүүдийн идэвхтэй оролцоо нь мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх, орон нутгийн эмч нарын чадавхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.Энэхүү сургалт нь олон мэргэжилтнийг хамарсан, агуулга баялаг, хэрэглээнд суурилсан, орчин үеийн чиг хандлагад нийцсэн, үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрсөн бөгөөд мэргэжилтнүүдийн эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!